Монгол хүн гайхамшигт чанаруудаа олж харж хөгжинө
Монгол хүн дэлхийн бусад үндэстнүүдээс ялгагдах хэдэн гайхамшигт чадвартай. Өөрөө өөрийгөө таньж мэдэх явдал үндэс угсаагаа хадгалан хөгжүүлэх нэг суурь болно. Тухайлбал,
· Тэнцвэртэй байдлаа хадгалах онцгой чанарыг монгол хүнд байгалаас заяасан юм. Монгол хүний төрөлхийн энэ гайхамшиг нь манай орныг сайн бөхчүүдтэй хэмээн дэлхий даяар өвөг Чингис хааны их үйл хэрэгээс хойшхи хугацаанд хоёр дахь удаагаа таниулах боломж олгосон билээ. Дэлхийд өөрийнхөө оршин байгааг таниулна гэдэг бол тусгаар тогтнолоо бататгаж байгаа нэг хэлбэр мөн. Монгол хүний тэнцвэртэй байдлаа хадгалах онцгой чадварын үрээр 5 настай хүүхэд цагт 80 км хурдалдаг хурдан морины нуруун дээр тогтож уралддаг юм. 130 кг жинтэй Б.Батэрдэнэ 273 кг жинтэй бөхтэй барилдаж, сумо бөхийн дэлхийн аварга болж чадсан.
· Монгол хүний харааны ой ухаан онцгой хөгжсөн байдаг. Цэлгэр уудам уул талаараа хөндлөн гулд явж, ан гөрөө хийж ирсний үр дүн билээ. Монгол жолооч хүн яваад өнгөрсөн замаа дахиад анддаггүй. Наймаачин монгол ямар нэг гудамжны буланд байсан мухлагаар ороод гарсан бол дараа нь бусаддаа зааж өгдөг.
· Монгол хүн дулаан хадгалах био эрчим хүчний жигд тархалтын онолд нийцтэй бие махбодьтой хүмүүс юм.
· Монгол хүний сонсголын ой гойд хөгжсөн байдаг болохоор дэлхийд дуучин ард түмэн хэмээн алдаршсан хоёрхон орны нэг нь билээ. Нөгөөх нь Итали улсыг нэрлэдэг.
· Монгол хүний хараа сонсголын ой гойд хөгжсөний үр дүнд гадаад хэлийг маш цэвэрхэн дууддаг, хялбархан суралцдаг байна. Энэ нь шахмал ёотонгийн чинээ шүдэнд байгаа юм. Шинжааны Монголчууд тэндээ байгаа бүх үндэстнийхээ хэлийг сурсан байдаг бол бусад нь хятадаас өөр хэлийг сурч чадаагүй байдаг гэж Япон судлаач доктор надад хэлсэн юм.
· Өмнөд туйлийн 70- 90 хэм хүйтэнд ажилласан цаг уурын мэргэжилтэн Цэрэндэндэв сансрын нисгэгч Гүррагчаагаас авахуулаад дэлхийн аль ч өнцөг буланд монгол хүний биеийн дасан зохицох чадвар бусад үндэстнээс давуу байдаг нь дөрвөн улиралтайгаас үүдэн төлөвшсөн билээ.
· 60 настай монгол эмэгтэй уулчин 7000 метрийн өндөр Памирын оргилд 1993 онд авирч гарав. /Саяхан монголчууд дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарсан билээ/
Монгол хүний байгалаас заяасан онцгой чанаруудыг арга билэгээр дэмжвэл манай ард түмэн дэлхийн хамгийн хөгжсжөн үндэстэн болж чадна. Арга гэвэл энэрэх, билэг гэвэл шинжлэх ухаанд тулгуурлах гэж ойлгож байна.
Монголчууд хүн төрөлхтний соёл иргэншилд оруулсан
хувь хандиваараа бахархан хөгжинө
Монгол хүн төрөлхтний манлайд нь явсан цаг үе бий. Атилла хааны үе болон Чингисийн үеийн Монгол улс. Энэ бол 4-5-р, 13- 14-р зуунд хамаарна.
· Дэлхийг донсолгож байх үедээ
- удирдлагын зохион байгуулалтаар бусад үндэстнээс илүү байв.
- үйлдвэрлэх хүчний хөгжил өндөр байжээ.
- хүн нь хөгжсөн байж гэмээнэ байлдаанд ялдгийг хүн төрөлхтний тэмцлийн түүх гэрчилнэ.
· Зурхайн ухааныг хөгжүүлсэн нэн эртний орны нэг гэдгийг Сайшаал эрдэмтэн тэмдэглэсэн байдаг. Шарайд овгын Мянгат эрдэмтэн тригонометрийн функцийн задаргааны 9 томъёог нээсэн, “Зүй тогтлын бүрэн эх сурвалж” 42 боть, “Дуун ухааны” 5 боть, математикийн хуулийн 53 боть бүгд 100 боть бичиж дуусгав гэж тэмдэглэсэн тухай А.Дамдинсүрэн нийтлүүллээ. “Цаг улирлын үзэгдлийг шалгаж бүтээсэн нь” хэмээх одон орны судлалын гайхамшигтай нээлт хэмээн АНУ, Япон, Хятадад биширч, дэлхийд нэрээ цуурайтуулсан лавлах бичигт орсон цөөн алдартны нэг гэж Мянгатыг үнэлж бичсэн байдаг.
· Монгол үндэстэн аравт, зуут, мянгат, түмт гэх мэтээр удирдлагын зохион байгуулалтын бүтцийг хүн төрөлхтөнд түгээсэн ард түмэн. Одоо хүртэл ийм зохион байгуулалт хадаглагдсаар байна.
· Худам монгол бичиг бол хүний гарын хөдөлгөөн хамгийн хурдан байх эргономикийн ухааныг 1000 жилийн өмнө олж харж, дээрээс доошоогоо чиглэлтэй, нар зөв эргүүлэн бичдэг хурдан бичиг билээ. 1100-гаад онд өөрийн бичигтэй байсан гэж “Чингис хааны товчоо” номонд дурджээ.
· Эзнийхээ хэлийг ойлгодог тийм гайхамшигтай мал аж ахуйг өсгөн үржүүлдэг нь их том соёл юм. “Ингэн эгшиг” киногоор эзнийхээ хуурын дууг сонсож уярсан тэмээ уйлж байдаг. Ямааг “зуу-зуу” гэхээр ирнэ. Хонийг “чаая” гэхээр буцаж эргэнэ. Адууг “богос” гэхээр хөлөө өргөнө. Цахиур Төмөрөөс Хонгор хүүд бэлэглэсэн морь “гурий гурий” гэхээр эзэндээ ирдэг.
· Дэлхийн гайхамшгийн нэг болсон Рафаэльтэй эн зэрэгцэн “21 дарь эх” урлагийн бүтээлийг Занабазар цутгаж хийсэн болохоор Монгол улс металлын сайн технологитой байсан гэсэн үг.
· Монгол урчуудын урлах эрдэм бол гайхамшигтай бахархал мөн. Тожил дархан, Лосол дархан, Дарьганга хийцийн эмээл хазаар, мөнгөн аяга одоо болтол уламжилж ирлээ.
· Дандар маарамбын эмийн таван боть, эмийн жор одоо ч монгол хүнийг аварсаар байна.
· Таж Махалыг жаахан Шагж хаан, Самаркандын Доголон Төмөр хааны ордныг монгол удмын хүмүүс бүтээлгэсэн.
· Дэлхийн хамгийн өндөр оргил Жонголумагийн оройд анх хөл тавьж, тэнгэрт тулсан хоёр хүний нэг болох Ширваа овогт Дэнзэн Норгой өөрийгөө Монгол хүн гэдгийг “Цаст уулын барс” номондоо дахин давтан бичсэн байдаг.
· Монгол хүний бүтээж туурвисан есөн эрдэнээр бичсэн ном, алтаар хэвлэсэн ном улсын номын санд хадаглагдаж байна.
· Монгол хүнийг түүх соёлоос нь салгах гэж Манж улс олон боть түүхийг нь удаа дараа хураан авч байсан тухай их эрдэмтэн Сайшаалын “Чингис хааны товчоон” номын тэргүүн ботид бий. Төмөрийн үйлдвэр, шөрмөсөн чулуугаар хийсэн шатдаггүй хувцас, үхэр бууны үйлдвэр зэрэг олон чаддаг зүйлийг нь чаддаггүй болгох бодлого явуулж, эсгий хийдэг арга ажиллагаанаас нь ангижруулж чадаагүйдээ харамсаж байсан яриа өдий хүрчээ.
· 1920 оноос Орос улс монголын 700 гаруй гайхамшигт сүм дуган, 80 тохой Жанрайсагийг цөлмөж устгасан. Үндэсний хэл, бичиггүй болгох замаар хавсарган нэгтгэх бодлого баримталж иржээ.
· Соёл түүхээсээ ангижирвал үндэстэн мөхнө. Эргэн санаж сэргээн сайжруулбал хөгжсөн хүмүүсийн нийтлэг болно.
Дархчуул овогт Даваагийн Лхаашид "Монголын хаад зүтгэлтнүүдийн жолоодохуйн урлаг" номноос
Сэтгэгдэл бичих
