Эрэлт хэрэгцээг эрж олоод хангагтун
Хэн хүний эрэлт хэрэгцээг л ангадаггүй бол нэг ч үйл хэрэг, нэг ч ажил гэж байхгүйсэн. Эрэлт хэрэгцээ нь өчүүхэн бол шан нь өчүүхэн байхаас гадна, энэххүү зорилгыг хэрэгжүүлчихлээ гэхэд та сэтгэл ханахгүй хоцорч ч мэднэ. Эрэлт хэрэгцээ нь угаасаа нүсэр их байх юм бол шан харамж нь мөн л их байх агаад сэтгэл ханах мэдрэмж, улам улам ихийг сэдэн бүтээх хүсэл тань чухамхүү цаглашгүй болно шүү.
Ажил хөдөлмөр эрхэлдэг хэн боловч нийгэмд буй ямарваа нэг эрэлт хэрэгцээг л хангаж байдаг нь тодорхой. Бичиг дансны ажилтан, биеийн хүчин үнэлэгчид, хоол зөөгчдийн аль аль нь хүнд хэрэгтэй л ажил хийж байна. Гэвч тэдэнд ноогдож буй шаардлага харьцангуй их бус болохлоор тэд ч их бус шан харамж авдаг.
Автотэрэгний асаагуур сэдэн бүтээсэн Чарльз Кеттеринг гараараа мануйлдаж асаах төвөгтэй ажлаас хүнийг чөлөөлж, ингэсний үр дүнд чухамдаа бүх хүнд (ялангуяа эмэгтэйчүүдэд) машин жолоодох боломжийг өгсөн билээ. Кеттеринг сая сая хүнийг автотэрэг ашиглах боломжоор хангасан байна. Тэрээр нийгэмд буй болсон эрэлт хэрэгцээг л олоод хангасан байна. Чухамхүү үүнийхээ хариуд цаглашгүй их шан харамж хүртсэн юм.
Бүх Америк даяар эрэгтэй эмэгтэй өдий төдий хүн арай чарай амь зуудгийн учир юун гэвээс, тэдний өөрсдийнх нь хангаж буй, орчин тойронд нь байгаа эрэлт хэрэгцээ тэдний чадвар боломжтой харьцуулах юм бол тун ч шалихгүй. Гэтэл тэд чадвар боломжоо өөртөө болон орчныхондоо тун ч ашигтайгаар зарцуулж болохсон билээ.
Энэ санааг тодруулах жишээ татъя.
Дунд зэргийн чадвар боломжтой залуу банкны доогуур зиндааны түшмэдийн алба хаахдаа, энэ ажилаа цэвэр цэмцгэр ажил, түүнээс гадна “Би Үндэсний тэргүүн банкинд алба хашдаг” гэж ам бардам хэлж болох тул өөрийнх нь “би”-гийн зиндааг дээшлүүлж байна гэж үздэг. Гэвч цалин пүнлүүгээ түргэн ахина гэж найдах найдваргүй гэдгийг төдөлгүй ухаарна. Ийм банкны залуу албан хаагчид арай өндөр зиндааныхнаас нэг нь тэтгэвэрт гарч суудал сулрахад л тушаал ахих болно. Суудал суларлаа ч гэсэн доогуур зиндааны өдий төдий залуу түшмэдээс цорын ганц нь л тушаал ахина. Ийм тохиолдолд аливаа хүн нэг талаас, атаархаж, хэн нэгийгээ егүүтгэхийг эрмэлзэнэ, нөгөөтэйгүүр, сэтгэлээр унаж гутарна. Банкны эздийн хувьд бол мань залуугийн хийдэг ажлыг дунд зэргийн чадвартай ямар ч залуу хүн гүйцэтгэж чадах болохоор мань хүнийг халж сольчихоос гудайхгүй. Тэгээд ч нэмэрлэж байгаа шалихгүй ашиг тус, цалин хлс хоёр нь ч шууд хамааралтай байгаа хэрэг.
Тийм болохоор, мань залуу банканд нэн чухал тийм ажлыг хийх боломжийг олж байж л цалингаа нэмэгдүүлэх, гүйцэтгэсэн ажилдаа сэтгэл хангалуун байх цорын ганц замтай юм. Өөрөөр хэлбэл, одоогынх нь үйл ажиллагаа хангаж байгаагаас илт илүү эрэлт хэрэгцээг л олоод хангах хэрэгтэй гэсэн үг. Энэхүү зорилгод хүрэх олон арга зам бийгээс заримыг дурдъя:
1. мэдлэгээ дээшлүүлж нэмэгдүүлхийн тулд банкны үйл ажиллагааг улам няхуур судалж болно.
2. Арай илүү өгөөжтэй өөр ажилд орж болно.
3. Ганцаараа, эсвэл өөртэй нь ижил чадвар боломжтой хүмүүстэй нэгдэж өөрийн гэсэн ажил үйлс өрнүүлж болно.
4. Ганцаараа, эсвэл бусад хүмүүстэй нэгдэж шинэ санаа сэдэж боловсруулаад, ийм санаа саналын эрэлт хэрэгцээтэй байгаа хүмүүст худалдаж болно.
Энэ бүх арга замын хүрэх гол зорилго бол өөрийнхөө чадварыг зарцуулж ашиглах хүрээг л тэлэхэд оршино. Гэвч арга тус бүрийг тус тусад нь авч үзье. Учир шалтгаангүйгээр ажлаа өөрчлөх юм уу, өөрийг гэсэн үйл ажиллагааг үндэслэл муутай эхлэх гэдэг тэнэг хэрэг. Нийгэмд буй эрэлт хэрэгцээг л хэрхэн хангах, одоогийнхоосоо илүү их ашиг тусыг нийгэмд хэрхэн өгөхөө тухайн хүн ухамсартайгаар эрж хайх ёстой.
Үүнийг ухаарч ойлгохгүй байгаа хүн бол цөхрөнгөө бараад гингэнэж гонгинож байдаг муурын зулзага л гэсэн үг.
Тийм хүмүүс ихэвчлэн, “Хөршийн хийж байгааг би нэг хийгээд үзье” гэдэг. Тийм хүмүүс өөр хүний нэгэнт сэдэж хийсэнг давтдаг боловч арай боловсронгуй болгодог. Тэдний найддаг цорын ганц зүйл бол аль болохоор хурдалж гүйцээд “үйл ажиллагааны өөрийн хэсгийг” шүүрч авах чадвар нь л болдог. Гэвч ийм хүмүүс бусдын хийснээс онцгой ялгарах, сор болохоор юм сэдэн бүтээж ерөөсөө чаддаггүй.
Тийм хүмүүс өөрийнхөөсөө өөр хэний ч эрэлт хэрэгцээг хангадаггүй. Тийм хүмүүс “үйл тамаа эдлэж байна” гэж гоншигнож байдаг. Тийм хүмүүсийн гэргий нар ч нөхрөө ямагт ажилд дараастай, эцэс төгсгөлгүй өрсөлдөөнд орооцолдсон, гагцхүү ажлаа л гэдэг, амарч цэнгэж чаддаггүй, нойрны эм тан хайж эмчид байнга үзүүлэх юм гэж сэтгэл гонсгор байдаг.
Иймэрхүү байдалд орчихгүйн тулд эрэлт хэрэгцээг эрж хайхтун!
Хажууд тань, эргэн тойронд нь тань, хаа сайгүй байгаа эрэлт хэрэгцээг шүү.
Эрэлт хэрэгцээг эрж олох нь
Нүдэнд үл үзэгдэх эрэлт хэрэгцээг эрж олох хамгийн ашигтай аргыг хүн өөрөө л олох ёстой.
Бүрэн итгэлтэй хэлж болох нэг зүйл гэвэл эрэлт хэрэгцээ таныг эрж хайх бус, харин та эрэлт хэрэгцээг хайж олох ёстой юм шүү. Та ийм зорилго тавивал хүчин чармайлтанд тань совин ч туслах болно. Харин онгод бол совин татсаны л үр дүн билээ. Зохих шийдийг уйгагүй эрж хайхад аз тохиох явдал бишгүй л байдаг.
Төмрөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан Алекс Левитийн тухай хуучилъя. Энэ хүн орон тооны ажилтантай, бас зарим нэг тоног төхөөрөмжтэй байсан байна. Тэгээд гэр ахуйн багаж төхөөрөмж үйлдвэрлэхээр санаа шулуудсан юм санж. Зах зээлийн судалгаанаас нэг удаа уншиж байгаад олонх эмэгтэйчүүд тоос сорогч ерөөсөө ч хэрэглэж үзээгүй тухай мэджээ. Чухам энэ зүйл л үйл ажиллагааныхаа хойшдын чиглэлийг төлөвлөхөд нь түлхэц болсон ажээ. Энэ асуудлыг судалж эхлэнгүүтээ л, үйлдвэрлэгчид тоос сорогч үйлдвэрлэх болсноороо хойш захзээлийг тоос сорогчоор хангахад л анхаарч жижиг сажиг зүйлээр л сайжруулах төдийгөөр зөнд нь орхисонг мань хүн ухаарчээ. Тэр үеийн тоос сорогч овор ихтэй, ашиглахад төвөгтэй хүнд байлаа. Левит чухам энд л хүчин зүтгэвэл зохих боломжтойгоо мэдрээд олз омогны хойноос мордсон байна. Бүрэн дүүрэн ялахаасаа бүр өмнө ахиц муутай болсон бизнест нөлөө бүхий талбар эзэмшиж чадсан байлаа.
Поль Хоффман, Гарольд С.Венс нар иймэрхүү зүйлийг “студебеккер” гэдэг авто тэргэнд хийсэн юм. Эднээс өмнө бол бусад бүх үйлдвэрлэгчид ганц нэг эд ангийг өөрчлөх, бүхээгний бүрээсийг солих зэрэг л ажлыг хийж байжээ. Хоффман, Венс хоёр өөр маягаар ажилласан байна. Тэд дизайнер Раймонд Лоувайг урьж залуу үеийнхэнд зориулсан авто тэрэгний загвар зохиох даалгавар өгчээ. Шинэ залуу гэр бүл, залуу худалдан авагчид орчин үеийн чамин хийцтэй машинтай болохыг хүсэж байлаа. Залуус улиг болсон хуучны овор ихтэй тэрэг худалдаж авахдаа дурамжхан байв.
Лео Герстанзанг гэдэг хүн Хоффман, Венс хоёроос ялгаатай нь гэвэл санхүүгийн орлого өгч мэдэх шинэ үйл хажиллагаа хайгаагүй байна. Тэрээр нялх охиноо гэргий нь хэрхэн угааж байгааг нэг удаа ажиглажээ. Гэргий нь хүүхдийнхээ нүд, хамар, чихийг цэвэрлэх гэж хөвөн имэрч ядаж байгааг харж байжээ. Тэрээр нялх хүүхэдтэй айл болгонд байдаг хэрэгцээг гэв гэнэтхэн тов тодорхой олж харжээ. Тэгээд л ашиглахад бэлэн, “К-типс” гэдэг имэрсэн хөвөн бүтээсэн байна.
Балтимор хотын Отто Дайфенбах оёдлын машины бяцхан дэлгүүрийн эзэн байжээ. Тэгээд нэг удаа янжуурын гялгар нийлэг уутыг ган утсанд ороож байснаа автал коктейль сорж уух гуурсархуу юм болчихсон ажээ. Нийлэг гуурс хийж болох юм байна гэсэн санаа бие сэтгэлийг нь эзэмдсэн гэнэ. Бага балчир хүүхдүүд сүүг гуурсаар сорж уух дуртай болохлоор эхчүүдийн сэтгэлд энэ санаа нийцнэ. Хүүхдүүд ч гэсэн өөрсдийгөө томчуудын хүлээн авалтанд оролцож байгаа мэтээр бодох тул сэтгэлд нь бас нийцнэ. Хийжүүлсэн ус зардаг тэргэнцэр ч цэвэр цэмцгэр харагдах болно. Урьд өмнө өөр хүн ийм гуурс хийх гэж байсан эсэхийг л шалгах хэрэгтэй байлаа. “Нийлэг уут үйлдвэрлэгчидээс асуух нь зөв” хэмээн Дайфенбах сэтгэжээ. Тэгээд л унаа авч Уилмингтон дахь Дюпоны компани уруу очлоо.
Үйлдвэрийнхэн “Ийм санаа төрсөн нь сайхан хэрэг” гэцгээхийн зэрэгцээ, нийлэг эдээр гуурс хийж чадсан хүн байхгүй л байгаа юм даа хэмээн анхааруулжээ. “Та ийм юм хийх эрмэлзэлтэй байгаа бол бид таньд дуртайяа тусална. Манай оронд тун олон янзын гуурс ашигладаг боловч нийлэг гуурс гэдэг чухал санаа ч байж мэднэ” гэцгээжээ. Отто Балтимортоо буцаж ирээд нийлэг гуурс хуйлах төхөөрөмж зохион бүтээх ажилд улайрч, хийж ч чадсан байна. “Глассипс” гэдэг нэртэй болсон сая сая гуурс өдөр тутмын амьдралд тус болж, баяр цэнгэл нэмсээр зах зээлийг эзэлж, Дайфенбах нэн унацтай бизнесээ бий болгоод бэлжсэн ажээ.
Мичиган мужийн Салино хотын хөрш хоёр эзэгтэй угаалгын нунтагны тухай байнга ярилцдаг байж гэнэ. Энэ ярианаасаа үндэслэн нэг эзэгтэй нь янз бүрийн нунтагийг хольж байгаад юу ч цэвэрлэх шинэ нунтаг гаргаж авчээ.
Тэр эмэгтэй байшингийнхаа хонгилд ихээхэн нунтаг бэлтгээд хоёр гэрээрээ хувааж найз нөхөддөө тараасан байна. Төдөлгүй шинэ нунтаг хийлгэх гэсэн захиалга өдий төдийгөөрөө ирэх болжээ. Бусад эзэгтэй нар ч шинэ нунтагын тухай дуулж, тэр нунтаг нь ч тэдний сэтгэлд нийцсэн байна.
Байшингийн хонгилд эхэлсэн үйлдвэрлэл цэцэглэн хөгжсөөр “Спик энд Спэн” гэдэг угаагч нунтагны үйлдвэр болжээ. Тэр нунтаг тун сайн борлож байсан болохоор “Проктер энд Гембл” гэдэг савангийн үндэсний томоохон компанийн анхаарлыг татлаа. Энэ компани 1945 онд тэр хоёр эзэгтэйгээс нунтагийг нь үйлдвэрлэх эрийг худалдан авч, энэ насандаа хүний гар харахааргүй болтол нь их мөнгө төлсөн байна. Хөрш хоёр эзэгтэй өөрсдөдөө хэрэгтэй зүйлийг бодож байхдаа бүх хүнд хэрэгэй тийм зүйлийг нээсэн ажээ. Тийм болохоор та ч гэсэн, гэр орондоо байж байхдаа ч сайжруулж боловсронгуй болгож болохоор зүйлийг эрж хайгаарай. Ажил дээрээ ч, сургуульдаа ч, пин амбаартаа ч, сүм хийдэд ч, өөрийн тань ашиг сонирхол бусдын хүсэл эрмэлзэлтэй уялдан нийлэх газар бүрд л эрж хайгаарай.
Таныг гэрийн эзэгтэй юм гэж бодъё. Ор дэвсгэр засах, хоол хүнс хийх, сав суулга угаах бишгүй олон ажил бий. Энэ бүх ажлын аль нь ч гэсэн боловсронгуй болгох өдий төдий боломжийг агуулж байдаг. Жишээлбэл, эргэдэг дамарт ороосон цаасан алчуурын зарчмыг ор засах, хураахад ч ашиглаж болно. Орны хөл толгойн аль нэгэнд гараар эргүүлэх дамар хийчихвэл орны даавууг дэлгэхийн тулд хэд хэдэн удаа эргүүлэх жишээтэй юм. Тэр дамрыг яаж бэхлэх, даавуугаа яаж бэхлэх зэрэг өдий төдий асуудал гарах л даа. Гэвч хамгийн гол нь шинэ санаа төрсөн явдал юм шүү. Тэр ч атугай орны даавуу, дэр, ширдэг, орны хөл толгойны хэлбэр хийцийг ч боловсронгуй болгож болно. Эд бүгдийн хийц үзэмжийг сайжруулж улам бүр тохилог болгож болохгүй гэж үү дээ.
Та, эсвэл нөхөр тань тодорхой авъяас чадвартай бол угаалгын саван дээр бэхэлчихэж болохуйц, сав суулга угаах аюул осолгүй цахилгаан төхөөрөмж ч сэдэж болно. Хоол хүнс бэлтгэж хийх ажилд ч гэсэн боловсронгуй болгохоор өдий төдий боломж бий. Гэр орноороо явж өдөр тутмын ажил үйлсыг санаарай, өөрчилж сайжруулмаар юм байхдаа л байгаа.
Нэрд гарсан хөгжмийн нэг зохиолчийн гэргий ашигласныхаа дараа шууд л жорлонгийн устай татчихаж болох цэвэрлэгээний өвөрмөц сойз саяхан сэдсэн байлаа. Тэр бүсгүй шинэ саналаа “Персонал продакст” компанид худалдсан агаад борлосон бүтээгдэхүүн бүрээс тодорхой хувийг хүртэх болжээ.
Нэгэнт буй эрэлт хэрэгцээг эрж хайх миний арга бол тун энгийн юм. Би гоо сайхны хэрэгсэл, эмийн үйлдвэрлэлийн салбарт багагүй туршлагатай болохоор хүмүүсийн гэрэл зургийг өмнөө тавьчихаад л нүүр толгойноос нь хөлийн өлмийг хүртэл судалдаг. Нүдэнд өртөх хамгийн гол эрэлт хэрэгцээ бол үс унаж халзан болохоос сэргийлэх, эсвэл бүр халзан болгохгүй байх явдал юм. Энэ асуудлыг судалж үзэх юм бол тун адармаатай асуудал болох нь ойлгомжтой бөгөөд халзан болох нь удам дамждаг гэцгээдэг. Хамрын тухайд бол хамрийн намалдгийн болон шуухинаа зэрэг өвчний эмчилгээг сайжруулж болох уу? Шүдний талаар юу хийж болох вэ? Шүдний өвчнөөс үнэнхүү сэргийлж чадах шинэ оо хийж болохгүй гэж үү? Эсвэл шүдээ будах, уруулын будаг шиг зүйл хийж болохгүй гэж үү?
Цааш цааш нь үргэлжлүүлээд байх юм бол энэ салбарт судалгаа шинжилгээ, хэрэглээ, ерөөсөө эгэл аж, сэтгэлгээний хувьд ч нэн их боломж буй.
Уруулын будгаар жишээлж үзье. Уруулын будгийг эмэгтэйчүүд бүр Клеопатрын үеэс хэрэглэх болсон түүхтэй. Гэвч “идэгддэггүй” будгийг одоо хүртэл буй болгосон хүн алга. Хэдэн жилийн өмнө миний нэг танил авто үзгэнд суурилуулсан уруулын будаг хийх гэж оролдсон юм. Тун сайхан өнгөтэй уусмалтай хоолойноос тусгай зүйлээр хийсэн голыг дагаж уруулын будаг үзэгний хошуунд очно. Энэ будгийг зөвхөн савантай усаар л угааж арилгахаар байна. Харин тэр будгийг хүнсний бүтээгдэхүүний будаг маягаар ч бас ашиглаж болно. Тусгай зүйлээр хийсэн гол хошуу нь уруулын жирийн будагнаас хэлбэр хийцээр ялгагдахгүй байхаар бодсон байлаа. Гэвч харамсалтай нь ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадах байсан пүүс нь өөр чухал ажилд дарагдаад энэ санааг хэрэгжүүлээгүй юм.
Уруулын цоо шинэ будаг хийх санаа ийнхүү замхарсан юм даа. Бидний эрин үеийг хүртэл нийгэмд оршсоор буй аливаа эрэлт хэрэгцээ нь, уг эрэлт хэрэгцээг хангаж чадах овсгоотой хэрсүү хүнийг л хүлээж байдаг жамтай. Бичээч, эмийн санч, эмч, багш, шуудан хүргэгч хэн ч атугай чухам тий хүн л байж болно.
Нийгэмд хэрэгтэй зүйл хязгааргүй олон, өөрийг тань л хүлээж байгаа. Гэвч санаж сэдсэнээ хэрэгжүүлэхэд тань цаг хугацаа, мөнгө хэрэгтэй. Шинээр бүтээж болох зүйлсийн жагсаалтыг эхлэхэд хялбар ч дуусгахад бэрх шүү. Ханиад томуунаас яаж сэргийлэх вэ ? Тамхи шиг татдаг гэхдээ хоргүй ямар нэг зүйл байж болох уу? Хоолны нарийн дэгийг баримтлах журмыг хэрхэн хялбарчлах вэ? Чихрийг илчлэг багатай юугаар сольж болох вэ? Чихрийн шижиний тариаг эмээр сольж болох уу? Хордлогын шинжилгээг яаж хялбар боловсронгуй болгох вэ? Халдаггүй цахилгаан хөдөлгүүр хийж болох уу? Түлэнхийг эмчлэх тусгай боолт хийж болох уу? Ийм асуултуудыг, хөл ядрах, шивэртэхэс сэргийлэх эм, гутлын шүршдэг тос, хүний арьсанд наалддаггүй хумсны будаг, хэвтэрийн өвчтөн тээвэрлэх усан онгоцны загвар, харанхуйд харагдах халууны шил гэх мэтийн олон зүйлээр үргэлжлүүлж болно. Тоо хязгааргүй олон асуулт, боломж өөрөөс тань хариу хүлээж байна шүү!
Та ямарч ажил эрхэлдэг байлаа гэсэн, хаана ч оршин суудаг байлаа гэсэн, боловсролтой ч, боловсролгүй ч байлаа гэсэн сэтгэмж ухаанаа хөвчлөх юм бол бүхэл бүтэн ертөнц өмнө тань байна. Энэ талаар та өөртөө болон бусдад хүртээл болохуйц хувь нэмрээ хандивлаж болно.
Марвин Смолл "Баяжих ухаан" номноос
Орчуулсан Б.Очибол
Сэтгэгдэл бичих
