2007-12-17
Саяар үнэлэгдэх санаа

Саяар үнэлэгдэх санааг үнэ төлбөргүй өгье!

Энэхүү санааг хэрэгжүүлж чадвал та үнэхээр тэрбумтан болж чадна. Юун санаа юм бол гэж та гайхаж байгаа байх л даа. Ийм үнэтэй санаагаа яагаад үнэгүй өгч байгаа юм бол гэж хар бууж ч байж болох. Гэхдээ энэ бол хүн төрөлхтний сайн сайхны төлөө учраас харамгүй цацаж байгаа билээ.

Санаа маань юу вэ гэвэл: ”ТАМХИ YЙЛДВЭРЛЭХ”... яг одоо та “Тамхи үйлдвэрлэх гэнэ ээ... тэгээд хүн төрөлхтний сайн сайхны төлөө тамхи үйлдвэрлэх хэрэг үү?! Ёстой солиотой санаа байна даа” гэж бодож байгаа.

Тийм ээ, “Тамхи үйлдвэрлэх”. Гэхдээ та бидний мэддэг тамхи биш, чихэр шиг эсвэл шокалад шиг эсвэл ... нэг тиймэрхүү тамхи (та өөрөө бодож ол). Гэхдээ биднийг хүүхэд байхад хятадаас орж ирдэг байсан тамхи шиг цаасанд ороосон чихэр шиг биш шүү, иймэрхүү тамхи шиг хэлбэртэй тоглоом, чихэрүүд нь хүүхдийг бүр их тамхи сонирхоход хүргэдэг.

Миний санаанд төсөөлөгдөж байгаа тамхи бол

1.        Гаднаас нь харахад яг тамхи шиг байх ёстой. Гоё ганган хайрцагтай, 20 ширхэгээр савлагдсан гээд л..

2.        Хүн яг тамхи татаж байгаа юм шиг гарынхаа салаанд чамирхан хавчуулж, уруулынхаа завсраар зуудаг байх ёстой

3.        Тамхины утааг гоёмсогоор үлээн угалзлуулан, цагираглуулан гаргадаг шиг утаа гардаг байх ёстой.

4.        Тамхи аажим аажмаар хорогдсоор дуусдаг шиг л бага багаар хорогддог байх ёстой. Араас нь иддэг, уусгадаг эсвэл урдаасаа шатдаг.. нэг тиймэрхүү (та бас бодлоо нэмэрлэ)

Товчхондоо бол гаднаасаа харахад тамхинаас ямар ч ялгагдах зүйлгүй, мөн чанар нь ямар ч хордуулах үйлчилгээгүй тийм л тамхи байх ёстой юм. 

 

Хүүхдүүд яагаад тамхинд ордогийг олон жилийн турш судлаад:

-          Кино, телевизийн баатруудын тамхи зуусныг хараад эхлээд зүгээр л шохоорхдог, сониуч зандаа хөтлөгддөг. (Yүний дотор тамхины сурталчилгааг чухам өсвөр насныхан л нэн соргог хүлээж авдаг)

-          Тэд өөрийгөө том хүн боллоо хэмээн боддог

-          Өөртөө хэрэгтэй болоод хэрэггүй зуршлыг тэр болгон ялган салгах чадвар бүрэлдээгүй байдаг тул муу зуршилтай нэгэндээ уруу татагдах нь хялбар. Ямар нэгэн хүмүүстэй нийлэх хүсэл.

-          Сэтгэл санаа амарч сайхан зүйл мэдрэх, азаа турших болон хэрээсээ хэтэрсэн том санаа агуулах.

-          Тамхи татдаг томчуудын дунд өссөн хүүхэд тамхи татаж сурах нь хүн бүр хоол идэхтэй адил жирийн зүйл мэтээр ойлгосон байдаг.

Хүүхдүүд 6-8-р ангид байхдаа тамхинд орох нь ихэсдэг байна. Энэ нь тэдний шилжилтийн настай давхцаж байгаа нь анхаарууштай зүйл мөн. Эцэг эх нь тамхи татдаг айлын хүүхдүүд тамхинд орох магадлал жирийн айлын хүүхдүүдээс 1.5 дахин их, ах эгч нь тамхи татдаг бол энэ харьцаа 2.5 дахин их болж өсдөг байна.

Зарим хүмүүс алжаалаа тайлах, бодлоо цэгцлэх, стрессээ тайлах үүднээс тамхийг татах боловч хамгийн гол нь гоё ганган чамин, бас нас биед хүрсэн, биеэ даасан, ихэмсэг гэдгээ харуулахын тулд тамхи татдаг байна. Эхэндээ энэхүү байдлаараа бусдад туйлын сайхан харагдаж байна гэж боддог хэдий ч хэсэг хугацааны дараа энэ нь эндүүрэл болохыг ойлгодог.

 

Энэ бүхнээс үзвэл тийм тамхи байвал хүн бүхэн хэрэглэх байх. Дээрх санааг хэрэгжүүлхийн тулд эрдэмтэн мэргэд, бизнесмен, оюунтнууд, ер нь хүн бүр өөрийн авъяас чадвар, бодол ухаанаа хурцлах буй за.

Цаг нь болж үнэхээр ийм тамхи үйлдвэрлэсэн хүн бол хүн төрөлхтний түүхэн дэх буянт хүнээр тодрохоос гадна тэрбумтан болно гэдэг нь дамжиггүй.

Тэр цагт, санааг зохиогч нь бизнесийн ашгаас тодорхой хувийг хүртдэгийг би мэдэх боловч тэр буянтнаас ямар ч мөнгө нэхэхгүй гэдгээ одоо батлан хэлье..

 

Хүн төрөлхтөн тамхийг зохион бүтээж чадсан юм чинь

Хоргүй тамхийг ч бас зохион бүтээж чадна

 

Тэр надад юу ч зориулсангүй

Харин надаас юм бүхнийг минь авлаа

Ийм нөхөрлөл гэж байх уу?!!

 

Там-хи татав уу?

Там их дутав уу?!!

 

Мөнгө чинь хаана байна?

Тамхинд өгчихсөн

Эрүүл бие чинь хаана байна?

Тамхи авчихсан

Аз жаргал чинь хаана байна?

Тамхиар сольчихсон

Найзууд чинь хаачаав?

Тамхинд уусчихсан

Сэтгэл чинь хаачаав?

Тамхи хулгайлчихаж!!!

 

Санаа бол хэзээ нэгэн цагт байсан үйл хэрэг

Yйл хэрэг бол хэзээ нэгэн цагт байсан санаа 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax